Баян шувууны аж ахуй

Баян шувууны аж ахуй

“НВЦ” компани нь шувууны аж ахуй, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бүхий үндэсний үйлдвэрлэгч компани болох зорилгынхоо хүрээнд Улаанбаатар хот, төвийн дэд бүтэц болон газар тариалангийн бүсэд ойр, Төв аймгийн Баянчандмань суманд “Цагаан эрдэнэ” фермийн аж ахуйн суурин дээр “Монэгг” ХХК-г өөрийн хөрөнгө оруулалтаар анх 2003 онд байгуулсан.

“Монэгг” XXK нь “Баян шувуу” аж ахуйн бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэж, 2006 онд анхны хоногийн настай дэгдээхэйг ОХУ–н Белореченск шувууны аж ахуйгаас авч ирэн бойжуулж, 2007 оноос зах зээлд БАЯН брэндийн өндгийг нийлүүлж эхэлсэн бөгөөд Баян шувуу аж ахуй нь 2006 – 2010 онуудад 20 мянган толгой өндөглөгчөөс 100,000 өндөглөгчтөй ферм болон хөгжсөн юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг бууруулах бодлогын хүрээнд салбартаа тэргүүлэгчийн хувьд, 15жилийн туршлагадаа суурилан “НВЦ” ХХК нь орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий экошувууны аж ахуй байгуулахаар шийдвэр гаргаж, 2011 оны намар 1 сая өндөглөгч шувууны аж ахуйн шавыг тавьсaн. Улмаар 2012 оны 4 дүгээр сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн 2.5 жилийн хугацаанд төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Төслийн эхний үе шатыг хэрэгжүүлснээр Монгол улсад хамгийн анхны бүрэн автомат, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 100 мянган дэгдээхий, 400 мянган өндөглөгч, жилд 100 сая гаруй ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 500 мянган толгой шувууны аж ахуйг дэд бүтцийн хамтаар байгуулан “Баян шувуу” аж ахуйн албан ёсны нээлтийг 2014 оны 9 дүгээр сард хийсэн билээ.

“Баян шувуу” аж ахуйн эхний хэсгийн үйл ажиллагааг эхлүүлснээр “НВЦ” ХХК нь орон нутагт 100 гаруй ажлын байр бий болгож, өндөгний импортыг 30%-иар, зах зээл дээрх өндөгний үнийг 25%-иар бууруулж, дотоодын өндөгний үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэн, улсынхаа шувууны аж ахуйн салбарт хөгжлийн шинэ хуудсыг нээхэд хувь нэмрээ оруулж эхлээд байна.